Sunday, August 19, 2018

Ted haachiw??

-Тэд хаачив?
-Хэн тэр билээ? -Яагаав нөгөөдүүл.
Их хотыг маань хэрэн сүлжсэн газар доорх шугам сүлжээний бяцхаан хонгилууд байдагдаа. Түүнийг траншэйн гэж нэрлэдэг. Харин хэн нэгний нэрлэж заншсанаар танк хэмээн нэрийдэх болсон юм билээ.
Уудам монгол нутагт маань багтах зай үлдсэнгүй юу эсвэл багтахыг хүссэнгүй юу бүү мэд бидэнтэй л адил хүн төрөлт монгол үндэстэн маань газар доор амьдарч байна гэсэн мэдээ чих дэлдийлгэж нүд бүлтийлгэм байсан цаг саяхан мэт боловч хэдийнээ 10 аад жил ард хоцорчээ. Хамгийн хачирхалтай нь тэд ХҮҮХДҮҮД байсан юм. Өөрөөр хэлбэл “Шинэ үеийн залуус”. Траншэйны халтар хүүхдүүд, шинэ үеийн залуус гэдэг хоёр ойлголт эрс тэс зүйл шиг сонсогдож байна уу? Үгүйдээ үнэндээ бол нэгэн зүйлийн хоёр цаг үеийн нэр томъёолол төдий юм.
Бага байхад хүмүүс намайг цэцэрлэгийн жаахан хүүхэд гэдэг байсан бол харин өөр нэгэн ноорхой хувцастай халтар жаалыг траншэйны хүүхэд гэдэг байсан юм. Харин би зөвхөн энд л тэднийг нөгөөдүүл гэж нэрлэе.
Зарим хүмүүс тэднийг аав ээжтэйгээ гэртээ байх дургүй бөгөөд тэнүүчлэн хэсэхдээ жаргаж, халтар хувцасандаа дурлан, хонхолзсон ходоодтой явахыг өөрсдөө л сонгосон мэтээр ярьцгааж, яагаад ч юм тэднээс тусгаарлан цэрвэдэг байсан нь тодхон санагдаж байна. Гэвч хэзээ ч тэд эцэг эхийн хайр халамжнаас залхахгүй, хэзээ ч тэд таатай уур амьсгалтай дулаан орон гэрээс зугтахыг хүсэхгүй, хэзээ ч тэд амттай чихэр анд найзаас татгалзахгүй гэдгийг би сайн мэднэ. Учир нь тэд бол яг л бидэн шиг ХҮҮХЭД байсан юм. Хүйтэн жавар, хөндий хонгилыг сонгосон шалтгааны тухай энд ярих нь илүүц бизээ.
Нэг хэсэг тэд яг л халдварт өвчний вирус мэт хурдацтай тархсан. Асрамжийн газар, хаяг тогтоох байгууллага болон хүүхдийн гэсэн тодотголтой олон байгууллага байдаг ч энэ байдал асуудал хэвээр үлдсэн нь үнэн. Гэтэл нэг л сайхан нартай өдөр гэнэт нөгөө асуудал чинь ид шидийн гэмээр хооб гээд л шийдэгдчихсэн юм даа. Үнэхээрийн тийм гайхалтай зүйл болж хаа хаанаа ухаарч ойлгоод нөгөөдүүл маань бүгдээрээ ажил, сургуулийн мөр хөөв үү? Аль эсвэл?
Асрамжийн газар гэдэг бол энгийнээр хэлэхэд “сайхан сэтгэлт хүмүүсийн халамжинд сурч боловсрон хөгжөөд, нийгэмд хөлөө олж чадахуйц бүтээгдэхүүн болон гарна” гэсэн утга бүхий газар билээ. Гэсэн ч хүүхдүүдийн хувьд бол бас л үхэл амьдралын төлөө тэмцэлдэн орших өөр нэгэн вант улс юм. Нөгөө Петер Пен-ний зохиол шиг. Сайн айлд өргүүлэн явах юм уу хэн нэгний халамж ивээл хүртэх нь тэндэхийн томоохон зорилгын нэг. Тэр тусмаа гадаад хүн гэдэг бол багш ажилтан болоод хүүхдүүдийн хувьд доллар хэмээх агуу хүчит ганган ногоон дэвсгэрт шиг л харагдаж гуйж мөргөх шахам хүүхдүүдээ өгөөд явуулдаг нь нууц биш ээ. Амьхандаа л нэг их том буян үйлдчихлээ л гэж боддог байх. Харин өнөөх харийн хүн нь биднээсээ долоон дор байдалтай бөгөөд хүүхэд өргөж аваад хөндий цогцос болгон хувиргах үүрэгтэй байсныг хэн мэдэх билээ. Үүнд өртөгсөд нь бас л нөгөөдүүл минь.
Харин нэг хэсэг нь газар доорх танк хөлөглөн амь зуудаг байсан бол өнөө үед түүнийгээ ганган хээнцэр Тоёото болгон хувиргажээ.
Яаж тэр вэ? Бас л ид шидээр үү?
-Үгүй ээ тэд зөвхөн хорвоод мэндэлсэнийхээ төлөө л ялтан адил тамлагдан гадуурхагдаж, хүүхэд насаа булаалгасныхаа төлөө өдгөө залуу насны баяр цэнгэл, эд агуурс бүхнийг биднээс дээрэмдэн олж авахыг хүсэж байна. Хүний бага насанд төлөвшсөн суурь хүмүүжил насан туршид хадаатай мэт дагадаг шиг. Ийм хүмүүжлийг хэн тэдэнд суулгав? Тиймээ бид шүү дээ.
Нөгөөдүүлийн маань зарим нь өмсөх зүүхээр дутаж, үмх хоолны төлөө өлөн нүд хэсүүлэхгүйгээр өргөст торны цаадах газрыг өөрийн орон гэрээ болгон өдөр хоногийг өнгөрүүлж байна.Тэдэнд ямар ирээдүй байна вэ? Хөндлөнгийн та бид байтугай тэд өөрсдөө ч олж хардаггүй байх. Магадгүй юу ч харагдахгүй болоод л тэр биз.
Алгаа тосон бүлтэлзэх жаахан хүүд гэм үгүй. Адилхан үртэй атал ангалруу түлхэн унагах таны л гэм зэм. Саяхан л тэд хотын гудамжинд саарал зэрэглээ мэт олуулаа байсан. Гэнэн цагаахан сэтгэл нь харцанд нь тодрох тэд ХҮҮХЭД байсан. Халтар царай, ноорхой хувцасны цаанаас хамгийн үнэн бас жаргалтай инээмсэглэж чадах тэд ХҮҮХЭД байсан. Харин одоо хаана байна? Хажууд чинь уу эсвэл хорвоогийн тамд уу? Гэхдээ тэд гэнэт л алга болчихсон юм биш.
Та яг одоо нүдээ нээгээд орчин тойрноо сайн хардаа. Хэн нэгний бяцхан нүд горьдлого тээсэн харцаар хаа нэгтэйгээс таныг ширтсээр байгаа юм биш биз? Хаа сайгүй тэд хорвоотой мэндчилэн, аз жаргал өөд тэмүүлсээр амьдралд хөл тавьж л байгаа.
Магадгүй таны ойр хавьд ч юм билүү. Харин энэ удаад та яах гэж байна??




* * * * * * * * * * * * * * * * * * 

Powered by Bicheech application


Sent from my iPhone

No comments:

Post a Comment